Ховд аймгийн Онцгой комиссоос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад
"Ковид-19”-ийн халдварыг богино хугацаанд шинжлэх урвалж ялгах шинэ төхөөрөмж олгох хүсэлтийг уламжилжээ. Үүний үр дүнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лабораторийн хамт олон өнөөдөр /2021.05.07/ БНХАУ-д үйлдвэрлэсэн
“HEALGEN” брэндийн хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий шинэ төхөөрөмжтэй боллоо.
ВИДЕО:П.Гэрэлсүрэн /Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал/
1000 ширхэг дагалдах урвалжийн хамт нийт 60 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй уг төхөөрөмжийн зардлын 50 хувийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлсэн бол Ховд аймаг 50 хувийг нь гаргасан байна.
Өмнө нь ашиглаж байсан урвалж ялгах төхөөрөмж нь 2014 онд суурилуулсан гар ажиллагаатай. 32 сорьцыг ялгахад 3 цаг зарцуулдаг, хоногт өөрийн аймгийн төдийгүй бүсийн аймгуудаас ирүүлсэн 250-300 орчим, ачаалал ихтэй үед 500-600 гаруй сорьцод шинжилгээ хийж байсан. Тэгвэл одоо 32 сорьцыг 25-28 минутад ялгана. Бүрэн автомат учраас цаг хугацаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг өмнөхөөсөө 6 дахин хэмнэх давуу талтай. Мөн хүлээгдэл чирэгдэл үүсэхгүй. Улмаар халдварыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хумих ажил илүү шуурхай явуулах бүрэн боломж бүрдэж байна.