2019-2020 онд бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн компаниудаас 10 гаруй нь зөрчил гаргажээ



Өнөөдөр /2021.01.07/ аймгийн Засаг даргын зөвлөл хурал хуралдлаа. Хурлаар Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хэлэлцүүлэх тухай  зэрэг 5 асуудлыг хэлэлцэв.



Үүний нэг 2019-2020 онд хийгдсэн улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажилд хяналт шинжилгээ хийсэн тухай асуудал юм. Ховд аймагт 2019 онд Улсын төсвөөр 62, орон нутгийн төсвөөр 75, 2020 онд Улсын төсвөөр 77, орон нутгийн төсвөөр 82 нийтдээ 295 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сард  дээрх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж ажилласан байна.



Ажил гүйцэтгэсэн компани, аж ахуйн нэгжүүдийн 10 хувь нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан нь шалгалтаар илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүхийн мэдээлсэнээр гэрээний хугацаа хэтэрсэн, барилга, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн чанар муу, туршилт, тохируулгын хугацаанд гүйцэтгэгч компани алдаа дутагдлаа засдаггүй, стандарт, хэм хэмжээ мөрддөггүй, боловсон хүчин, инженер техникийн ажилчдын нөөц дутмаг, техник, тоног  төхөөрөмжийн хангалт муу зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.



Эдгээр зөрчил дутагдлыг хэрхэн арилгуулах, цаашид анхаарах асуудлын талаар Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тодорхой шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан 10 гаруй компанид энэ оны 05 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгөхөөр боллоо. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тухайн компаниар хохирлыг барагдуулах, хар жагсаалтад оруулж улмаар барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах асуудлыг салбарын яаманд нь уламжлахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ