Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг 11 сард зохион байгуулахаар товлосон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгуудын ТАСЗөвлөлтэй цахим хурал хийж, шалгалтыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлуудын талаар танилцуулж, холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.
Ерөнхий шалгалтын бүртгэлийг 9 сарын 14-нөөс 10 сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл явуулахаар тогтоосон. 2020 оны 1-р сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгүүлсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгаж, цахим заавартай танилцсан байх шаардлагатай юм.
Шалгалтын бүртгэл дууссаны дараагаар ТАСЗ-өөс шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдийн дугаарт мессеж илгээх юм. Харин шалгалтад оролцогчид шалгалтын өдөр, хуваарь, баталгаажилтын хуудсаа хэвлэн авах шаардлагатай.
“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийн хамт Төрийн албаны зөвлөлийн сайт www.csc.gov.mn цахим сайтаар байршуулсан байгаа бөгөөд оролцогчид хэвлэмэл номноос гадна тус сайтаар дамжуулан шалгалтандаа бэлтгэх боломжтой болж байгаагаараа онцлогтой юм.