Хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 93 хувьтай үргэлжилж байна



Өнөөдөр аймгийн ЗДТГ-аас “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөний эхэнд хот, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр “Ховд”, “Бадамлах дөл” дулааны станц, “Ховд цахилгаан түгээх сүлжээ”, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу мэргэжлийн байгууллагууд бэлтгэлийг эртнээс хангаж ажилласан байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар хот суурийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг 93%-тай хангаад байгаа юм. Харин ХАА-н өвөлжилтийн бэлтгэлийг 90 гаруй хувьтай хангаад байна.
Мөн УЦУОШГ-аас Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг 6 сараар танилцууллаа. Энэ өвлийн 10, 1, 2-р саруудад олон жилийн дунджаас хүйтэн байх бөгөөд энэ сарын 10-наас нийт нутгаар хүйтэрнэ гэж мэдээллээ.
Зөвлөгөөний үеэр аймгийн ЭМГ-аас улирлын томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон байгууллагуудын анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Жаргалант сумын хэмжээнд 2-5 насны хүүхдүүд, насан хүрэгчид зэрэг нийт 6880 хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Үүнээс 2 настай хүүхдүүдийг ӨЭМТ-өөр, 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт нь очиж вакцинд хамруулж байгаа юм.
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд байгууллагуудын удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.
Тухайлбал, дулаан халаалт аваагүй зарим байгууллагууд халаалтаа авах, энэ 7 хоногт багтаан байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль, дүрэм, журмуудыг сайтар судлах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ