Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх Ховд аймагт айлчлав



Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.
Түүнийг Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан. Энэ үеэр талууд хамтын ажиллагааны цар хүрээ, цаашдын зорилт, шинэ боломжуудын талаар санал солилцов.
Энэ үеэр боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах боломж бүрдүүлэх, эмч эмнэлгийн ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж.  



Монгол, Энэтхэг улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Энэтхэгийн кино өдрүүд” үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг болон  Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Бүгд найрамдах Энэтхэг улс нь өөрсдийн гэсэн соёл уламжлал, ёс заншлаараа дэлхий нийтэд танигдсан. Энэ утгаараа “Энэтхэгийн кино өдрүүд” үйл ажиллагаа нь орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад энэтхэгийн түүх, соёл уламжлалыг сурталчлах, танин мэдүүлэхэд чиглэж байна.
Тус үйл ажиллагаа есдүгээр сарын 27-29-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ Ховд аймгийн “Аргаль уриа” кино театраар дамжуулан Хатан хаан, Бахубали, Неержа гэсэн гурван киног тусгай хуваарийн дагуу олон нийтийн хүртээл болгох юм. 


Үүнээс гадна Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг болон  Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, аймаг орон нутгийн удирдлагууд "Гандан пунцаг чойлон" хийдэд зочлов.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ