Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
“УСАН СПОРТЫН ТӨВ”, “УСАН ОРГИЛУУР”, “ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Урьд жилүүдэд багагүй хэмжээний хөрөнгө, хүч хөдөлмөр зарж байгуулсан хэд хэдэн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулав. Сүүлийн долоон жилийн хугацаанд үүд хаалгаа бариад байсан усан спортын төвийн барилгыг засварлаж аймгийн ИТХ-ын тогтоолоор Онцгой байдлын газарт шилжүүлэв. Мөн төв талбайн
“Усан оргилуур”-ыг засварлаж дуусган, ашиглалтад хүлээн авлаа.
Улсын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар 2014 онд баригдсан “Эвийн хүч” худалдааны төв нь газрын болон өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл зогсонги байсан 8000 м.кв талбай, нийт 464 лангуу бүхий “Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагааг шинэ оны босгон дээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэв.
ВИДЕО: