"Монголын Дархан ээжүүдийн холбоо", "Нийгэмд үйлчилдэг ТББ", Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн Бодлогын хэлтэс хамтран Төрийн тахилгат
“Сутай" хайрхан ууланд сүүн цацал өргөх хүндэтгэлийн арга хэмжээг энэ оны 5 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Өв соёлын хүрээлэнгийн урд талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Төрийн тахилгат
“Сутай" хайрхан ууланд хүндэтгэл үзүүлэх, эдүгээ цагт Дархан бэрүүдийг хайрлан хүндлэх, алдаршуулах, ухаант өвөг дээдсийнхээ мартагдсан уламжлалыг сэргээх, залуу хойч үедээ таниулах зорилгоор зохион байгуулжээ.
Энэ үеэр Жаргалант сумын 12 баг тус бүрээс 5 ээж, 16 сумаас тус бүр бүр 5 ээж, нийт 108 ээж сүү, цацал, хувинтайгаа хүрэлцэн ирж сүүн цацал өргөв. Үүнээс гадна
"Ховд нутгийн Дархан ээжүүд" хүндэтгэлийн цэнгүүнийг
"Өргөө" ресторанд зохион байгуулсан бөгөөд Монголын Дархан ээжүүдийн холбооны нэрэмжит
'Тэнгэрлэг гэр бүл"-ээр , хамгийн олон хүү дараалан төрүүлсэн
"Дархан ээж", хамгийн настай
"Дархан ээж", хамгийн залуу
“Дархан ээж”-үүдийг тус тус шалгаруулж,
"Дархан ээж" хүндэт өргөмжлөл, цом, хүндэтгэлийн тууз,
"Их Монголын дархан бэр" ном,
"Дархан ээж” тэмдэг гардуулав. Өөрөөр хэлбэл:
'Тэнгэрлэг гэр бүл"-ээр Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол Улсын Гавьяат малчин Х.Эрдэнэ гуайн гэр бүл, хамгийн олон хүү дараалан төрүүлсэн
"Дархан ээж"-ээр 11 хүү 4 охин төрүүлсэн Алтай сумын харьяат Б.Дулмаа, хамгийн настай
"Дархан ээж"-ээр Жаргалант сумын Бичигт багийн харьяат өдгөө 87 настай С.Сүхээ гуай, хамгийн залуу
“Дархан ээж”-ээр 3 хүү дараалан төрүүлсэн, 27 настай Жаргалант сумын Буянт багийн иргэн Б.Алтантуяа шалгарсан байна.