Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.
“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвээр зохион байгуулагдах тус хурлын бэлтгэл ажлын явцтай ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Онцгой комиссын гишүүдийн хурлыг зохион байгуулж
"Говийн чоно-2018" олон улсын сургалт, дадлага сургуульд хэрхэн бэлтгэх, яаж оролцох талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр тус арга хэмжээнд урьдчилсан байдлаар гадаад дотоодын 200 гаруй хүн оролцохоор төлөвлөж байна.
ВИДЕО:
Энэ жил “Говийн чоно” олон улсын сургалт, дадлагыг баруун бүсийн таван аймгийг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм. Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан, хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилготой тус олон улсын дадлага сургуулийг энэ жил баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулна.