Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Баруун бүсийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцлаа. Тэрээр урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг болох Хүүхдийн паркийн бүрэн бүтэн байдлыг судлахын зэрэгцээ нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажилласан байна.
Хүүхдийн парк нь ашиглалтанд орсон цагаасаа зарим тоглоом хэрэгсэл нь бүрэн бүтэн ажиллаагүй, усалгааны систем буюу ногоон байгууламж услах худгууд бүрэн ашиглалтанд ороогүй зэрэг зөрчил дутагдлууд байна. Үүнээс гадна ашиглалтын явцад эвдэрч, элэгдсэн зүйлс олон байгаа бөгөөд хүчтэй шуурганы улмаас хөлбөмбөгийн талбай хууларсан, сүүдрэвчний дээвэр унасан, зарим тоглоомнуудын үүдний удирдлагын өрөөнүүд унажээ. Тиймээс эдгээр тоглоом хэрэгслийн засвар, арчлалтыг яаралтай хийж хэрэгжүүлэн ногоон байгууламжийн услалтыг цаг алдалгүй хийж гүйцэтгэхийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог Паркийн үйл ажиллагаатай танилцахдаа үүрэг болголоо.
ВИДЕО:
Мөн ирэх Пүрэв гарагийн бүх нийтийн их цэвэрлэгээний өдрийн хүрээнд боловсрол, соёлын байгууллагуудыг Хүүхдийн паркийн цэвэрлэгээ болон зарим засвар арчлалт дээр ажиллахыг даалгав. Харин Паркийн үүдний хаалганы засвар, өнгө үзэмж сайжруулах ажлыг аймгийн ЗДТГ-аас хариуцан хийхээр болов.