Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг тохиолдуулан “Засаг дарга ба сэтгүүлч” уулзалтыг зохион байгууллаа.



1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан түүхтэй. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүрийн 5-р сарын 3-нд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”- ийг тэмдэглэдэг болсон юм.  Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ховд дахь салбар, аймгийн ЗДТГ-тай хамтран "Засаг дарга ба сэтгүүлч"  уулзалтыг  зохион байгууллаа.  




Уулзалтанд  Аймгийн Засаг дарга Д.Галсандондог,  аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцож хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчидтэй санал бодлоо солилцлоо.




Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай холбоотой нийтлэл, асуудал хөндсөн сэтгүүлзүйн бүтээлүүдийг үнэлж шалгаруулах “Алтан үзэг” уралдааныг зарлан, ирэх оны өмнө “Сэтгүүлч шинэ жил” арга хэмжээний үеэр дүгнэхээр шийдвэрлэснээ хэлэв. Түүнчлэн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, аймгийн ИТХ-аар батлагдсан хөтөлбөрүүдтэй танилцаж,сурталчлах, орон нутагт болж байгаа олон ястны урлаг соёлын талаар нийтлэл, нэвтрүүлэг, баримтат кино бэлтгэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.




Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  иргэд, олон нийтийн дуу хоолой болж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан, мэргэжил ур чадвараа дайчлан ажиллаж байгаа “Ховд телевиз”-ийн сурвалжлагч Н.Таванцэцэгийг Ховд аймгийн ”Хүндэт тэмдэг”-ээр, “Жаргалант” телевизийн зураглаач О.Баярхишигийг Ховд аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр, “Эко” телевизийн захирал Ц.Даваажавыг Ховд аймгийн Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.




Ховд аймагт өнөөдрийн байдлаар "Ховд телевиз", "Эко телевиз", "Олон ястны телевиз", "Жаргалант телевиз" гэсэн 4 телевиз, "Ховдын мэдээ", "Ховдын толь" гэсэн 2 сонин, http://khovdnews.mn/ сайт,  FM-радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрийн гэсэн өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор  үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  20 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид орон нутгаа сурталчлах, иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр хангах сэтгүүлзүйн үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ