Өчигдөр /2024.11.25/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн хурлаар аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж гишүүд санал бодлоо солилцсон байна.
Аймгийн Засаг даргаас бүрэн эрхийн хугацаанд хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэй шийдвэрлэх зорилгоор үйл ажиллагааны хөтөлбөрийг “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хэмээн нэрлэж байна.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт:
-Хүний хөгжлийг эрхэмлэсэн нийгмийн тогтолцоотой,
-Баялаг бүтээгчдийг дэмжсэн, бизнест ээлтэй өөрийгөө тэтгэсэн эдийн засагтай,
-Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргасан,
-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлоготой,
-Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгож байна.
Энэ зорилтын хүрээнд:
-Хүний хөгжлийн бодлого,
-Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого,
-Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хөгжлийн бодлого,
-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого,
-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн 5 бүлэг, 29 чиглэл, 329 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах “АЖЛЫН ХЭСЭГ”-ийг ахлан ажиллаж байгаа.
Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж дахин боловсруулан холбогдох яаманд хянуулж улмаар аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулан батлуулах юм. Ингэснээр төлөвлөгөө гарган шат шатанд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:
-Ирэх жилүүдэд алсыг харсан 10 томоохон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, өмнөх Засаг дарга нарын санаачлан хэрэгжүүлж байсан аймаг, бүс нутгийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралд чухал ач холбогдолтой асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж аймгийн Засаг даргны Тамгын газраас мэдээллээ.