Булган сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан, Г.Ганхуяг түрүүлж “АЙМГИЙН АРСЛАН” боллоо



Ховд аймгийн харьяат сум, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эрэмбэ дээшлүүлэх /цол олгох/ барилдааныг өнөөдөр /2021.08.06/ төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Тус барилдаанд аймгийн арслан цолтой 9, аймгийн заан цолтой 6, аймгийн харцага цолтой 5, аймгийн начин цолтой 19, сумын цолтой 53, мөн 30 гаруй залуу бөхчүүд зодоглож уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа.



Чандмань сумын харьяат, Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, Мөст сумын харьяат Ц.Мягмардоржийн хүү Баяржавхлан нар 5 давж “АЙМГИЙН НАЧИН” цолны болзол хангав.

Үзүүр түрүүнд Булган сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан Г.Ганхуяг, Үенч сумын харьяат аймгийн заан Б.Уртнасан нар шалгаран барилдсанаас сумын заан Г.Ганхуяг түрүүлж “АЙМГИЙН АРСЛАН” цолны болзол хангасан бол Б.Уртнасан үзүүрлэж “АЙМГИЙН ЗААН” цолоо дахин баталлаа.



Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Г.Цэдэнбал болон албаны бусад хүмүүм гардуулж баяр хүргэв.

ВИДЕО:





Өнөөдрийн бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, аймгийн заан Г.Нямандэлэг, Д.Уламбаяр нар, хүндэт гарын даагаар Б.Шоовдой, ахлах гарын даагаар С.Загдсүрэн гарын даагаар Д.Авирмэд, Б.Батмөнх,Т.Амарсайхан нар хаяавчаар Ч.Адилбиш Н.Эрхзаяа нар, засуулаар Улсын цолчин засуул П.Буджав, П.Нямсүрэн нарын 8 хүн тус тус ажиллав.



Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчгүй зохион байгуулсан ба тус барилдааныг орон нутгийн Олон ястны телевиз болон тус телевизийн цахим хуудсаар шууд дамжуулан иргэд олон нийтэд хүргэлээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ