“Ковид-19”-ийн цар тахлын халдварын тархалтын хумих, хариу арга хэмжээний ажлын үр дүнг илүү сайжруулах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс 2021 оны 04 дүгээр сарын 24-нд хуралдаж хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 08 хүртэл сунгасан. Хязгаарлалтын хэм хэмжээ тогтоосон хугацаа дуусгавар болж байгаа, нөгөө талаар Монгол улсын Засгийн газар, УОК-оос гаргасан тогтоол шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, холбогдох хууль журмын дагуу шийдвэр гаргах үүднээс өнөөдөр /2021.05.07.16:00 цагт/ аймгийн Онцгой комисс гишүүдийн 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар: “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдал, эмчилгээний үр дүн, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл, даргын тушаал,албан даалгаврыг танилцуулах, Авто тээврийн төв,
МОЭНКО ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой нийт 4 асуудлыг хэлэлцэж гишүүдийн санал, холбогдох хууль, журмын дагуу 20 гаруй заалт бүхий шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал,
- Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны 06:00 цаг хүртэл Ховд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг /улбар шар түвшин/-д шилжүүлэн ажиллах,
-Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл оношлуур, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг нарийвчлан тооцож шаардлагатай нөөцийг бүрдүүлж ашиглалт, хэрэгцээнд хяналт тавьж ажиллах,
-Коронавируст халдварт /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын ажлыг аймгийн хэмжээнд эрчимжүүлж иргэдийг хамруулах, хуваарь дархлаажуулалтын цэг, байршлыг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар нээлттэй мэдээлж ажиллах,
-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүртгэх, хяналт тавих, ойрын хавьталыг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөмж, зөвлөгөөг иргэн бүрт хүргэж шаардлагатай эм, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллах,
-Дээрх хугацаанд төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааг зохицуулсан журмын дагуу зөв зохион байгуулж, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хяналтыг сайжруулан шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтыг түр хугацаагаар хийж ажиллах,
-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж 1 сарын хугацаатай зохион байгуулж ажиллах,
-Коронавируст халдварт /Ковид-19/-ын цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Коронавируст халдварт /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журам, Гэрийн болон тусгаарлан ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журмуудыг мөрдүүлж хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллах,
-Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, арилжааны банкны цагийн хуваарийг тогтоох тухай сумын Засаг даргын хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
-Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийн явуулахад хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилгоожуулж ажиллах,
-Аймгийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах халдвар хамгааллын хатуу дэглэмийг нэг сарын хугацаанд мөрдүүлж, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэнтэй хамтран зохион байгуулж ажиллах,
-Алслагдсан сум суурин өрх айл, багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээ тасалдуулахгүй байх, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж сум, багуудын хооронд иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллах,
-Иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлогт уялдуулж 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор нарийвчилан шинэчлэх, вакцин татан авалт, дархлаажуулах байр, дархлаажуулах багийг бэлтгэж 18 насаас дээш насны хүн амыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор дархлаажуулж дуусгах,
-Цар тахлын улмаас учрах аюул, хор хөнөөл, халдвар тархах хэлбэр, халдвар хамгааллын дэглэмийн ач холбогдол, оношилгоо эмчилгээний талаар эрдэмтэн, судлаач, мэргэжилтэнүүдийн хийсэн судалгаа тооцоо, бодит байдлын талаархи мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай мэдээлж ажиллах,
-Коронавируст халдвар /Ковид-19/-ын хариу арга хэмжээний нөөцийн ханган нийлүүлэлтийг даруй шийдвэрлэж нэн шаардлагатай байгаа нөөц хангалтыг яаралтай хүргүүлж нийлүүлэлтийн сүлжээг хянах тогтолцоог бэхжүүлж ажиллах,
-Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж ажиллах,
-Суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд шинжилгээний сорьцын нөөц бүрдүүлэх, тандалт, шинжилгээний багийн эмч ажилтнуудыг халдвараас сэргийлэх, шинжилгээний явцын мэдээ мэдээллийг хоног тутамд хянаж хатуу зохицуулалтад оруулж ажиллах,
-Халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж, халдвар тархаж болзошгүй эх үүсвэрүүдийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах,
-Халдварт өвчнийг санаатай болон санамсаргүй байдлаар тараасан үйлдлийг илрүүлэх, хууль тогтоомжийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагааг хийж холбогдох хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж ажиллах,
-Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 захирамжийн 3 дугаар хавсралтад заасан хөдөө орон нутагт тээврийн хэрэгслийн үзлэг тооллогыг зохион байгуулах хугацааг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэх хуваарь гаргаж ажиллах,
-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хүрээг хумих, таслан зогсоох зорилгоор Жаргалант сумын нутаг дэвсгэрт явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 2021 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгах тухай хэм хэмжээ тогтоосон сумын Засаг даргын захирамж гаргаж ажиллах,
-“Мо Эн Ко” ХХК-ны хөшөөтийн уурхайд ашиглагдаг тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай сэлбэг, хэрэгслийг тоо хэмжээг тогтоож БНХАУ-аас Булган сумын Булган хилийн боомтоор оруулж ирэх зөвшөөрөл олгож ажиллахаар боллоо.
Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг чиг үүрэг бүхий байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
ВИДЕО: