Энэ сарын 09-10-ны шөнө Жаргалант сумаас Мөст сум руу хулгайн замаар очсон гэх гэр бүлийн 2 иргэнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад эерэг гарсан тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Аймаг, сумын Онцгой комисс, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж тухайн иргэдийг аймгийн төвд тээвэрлэн авч ирж тусгаарлан, PCR шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу өнөөдөр /2021.04.16/ 14:25 цагт СӨРӨГ гарсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр тухайн 2 иргэний нэг нь буюу нөхөр нь аймгийн төвд буяны ажилд оролцсон асуумжтай учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж журмын дагуу тусгаарлан, давтан шинжилгээ авах юм байна.
Мөст сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч Ж.Пүрэвбаатартай утсаар холбогдоход дээрх 2 иргэний ойрын хавьтлын гэх 100 гаруй хүнийг олж тогтоон гэрийн тусгаарлалтад авсан ба 37-оос нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ авчээ. Үлдсэн 63 иргэнээс шинжилгээ авах ажлыг зохин байгуулж байна гэлээ.