Өнөөдөр /2021.04.08/ аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
Ховд аймагт өнөөдрийн байдлаар халдварын 100 тохиолдол бүртгэгдэж тэдний ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн хяналт, ажиглалтад байна.
Халдвартай иргэдийг “ТУСГААРЛАХ ЭМНЭЛЭГ”-т хэвтүүлэн эмчилж байна. 2 өвчтөний биеийн байдал хүнд, 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр бусад нь хөнгөн. Эмчилгээ үр дүнгээ өгч өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч маргаашнаас эхлэн эдгэрсэн зарим иргэдийг гэрийн ажиглалтад гаргахаар төлөвлөж байна.
Халдварыг хумихад иргэдийн дэглэм чухал. Үүнээс гадна голомтод болон онцгой чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах явдал юм. Өнөөдрийн /2021.04.08/ байдлаар нийт 738 хүнийг вакцинжуулсан мэдээтэй байна. Мөн бүх сум хуваарийн дагуу вакцинаа татан авч, дархлаажуулалтаа эхэлжээ.
Аймгийн Онцгой комиссын хурлаар:
-“Ковид-19”-ийн халдварыг хумих, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах үүднээс Жаргалант сумын нутаг дэвсгэрт явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, ШТС-ын үйл ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэл зогсоож ажиллах,
-Улаанбаатар хотоос ирж буй хүнс, бараа материалыг Шуурхай штабаас гаргасан маршрутын дагуу тогтсон нэг цэгт, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан буулгах ажлыг зохион байгуулах,
-Иргэдээс ирсэн санал гомдолтой холбогдуулан хүнс тээвэр, хүргэлтийн үйл ажиллагааг сумдын Засаг дарга нартай зөвшилцөн нарийн төлөвлөж ажиллах,
-“Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, холбогдох журмын дагуу судалгаанд хамрагдсан алба хаагчдад 04 дүгээр сарын 12-ны дотор хийж дуусгах, вакцинжуулалт хийх үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх,
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийн судалгааг үндэслэн шаардлагатай тохиолдолд тушаалаар дайчлан ажиллуулах,
-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд эрчим, дулаан, шим ус, дэд бүтцийн байгууллагад хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилгоожуулан ажиллуулах зэрэг 10 гаруй заалт бүхий тогтоол гаргаж холбогдох байгууллагын албан тушаалтнуудад үүрэг болголоо.
ВИДЕО: