Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмээнд аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн Т.Баатарзориг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Цэдэнбал, аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Ганхуяг болон Жүдо бөхийн шигшээ багийн өсвөр үеийн 25 тамирчин оролцов.
Энэ үеэр аймаг орон нутгийнхаа нэрийг улс, тив дэлхийд гаргаж, спортын салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Ганхуягт аймгийн Засаг даргын “Жуух бичиг” гардуулан өгч, баяр хүргэв. Мөн Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдад ном гардуулж, спортын өндөр амжилт хүслээ.
Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын харъяа Жүдо бөхийн холбоо нь 2010 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 250 гаруй хүүхэд, залуучууд жүдо бөхийн спортоор хичээллэж байна. Аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын 2018 оны онцлох амжилтаас дурьдвал, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд 1 мөнгө, 4 хүрэл медаль, багийн төрөлд эрэгтэй болон эмэгтэй баг гуравдугаар байранд шалгарч, тус бүр 10 хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр Монгол улсын Өсвөрийн жүдо бөхийн хошой аварга баг болж, Дэлхийн аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнд оролцох эрх авчээ.