
Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран байгууллагуудын удирдлага, нягтлан бодогчид болон өмч хамгаалах зөвлөлийн гишүүдэд
“Цахим сургалт” зохион байгуулав.

Энэ сарын нь 13-ны өдөр болсон уг сургалтад төрийн өмчит 34 байгууллагын 50 гаруй албан хаагч хамрагдаж, шинээр нэвтрүүлж буй цахим системийн үйл ажиллагаа, хэрэглээ, тайлан мэдээний нэгтгэл, дүүргэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, зөвлөмж, чиглэл өглөө. Мөн 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх тайлангийн нэгтгэл, системийн дүүргэлтийн явцад анхаарах асуудлуудыг танилцуулав.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, өмчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бүртгэл ашиглалтыг сайжруулах, мэдээллийг нэгдсэн сангаар бүрдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалын ойлголт, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр мэдээлэл өгч, холбогдох зөвлөмжүүдийг хүргэв.

