Энэ оны 12 дугаар сард аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар 2024 оны орон нутгийн төсөв хэлэлцэн батлах юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.18/ хуваарийн дагуу Мянгад суманд ажиллав.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.
Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүнээс сургуулийн хуучин спорт заалыг засварлаж Урлагийн заал болгож өөрчилсөн. Энэ нь хүүхэд, багачуудын авьяасыг нээх, хөгжүүлэхэд чухал хөрөнгө оруулалт болсныг сумын иргэд санал нэгтэй онцолж байв. Үүнээс гадна Соёлын төвийн халаалтын асуудлыг шийдвэрлэж шинээр замын гэрэлтүүлэг хийсэн байна.
2024 онд тус сумын 100 жилийн ой тохионо. Тиймээс энэ удаагийн уулзалтаар:
-Сургуулийн их засвар,
-Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, тохижилт /Баянхошуу баг/
-Модон гүүр засварлах /Цагаанбулан баг/
-Зам засвар /Чацаргант баг/
-Худаг, мал угаалгын ванн /Гахайт баг/
-Өвсний фонд /Цагаанбулан баг/ байгуулах зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн улсын болон аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр болов.
Мөн уулзалтад оролцсон иргэдээс гарсан саналын дагуу зарим чухал хөрөнгө оруулалтын ажлыг нэмж тусгахаар шийдвэрлэлээ.
Мянгад сумын хувьд:
Нийт иргэдийн 50 гаруй хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. Тоон гарын үсэг, газар олгох ажил хэвийн үргэлжилж байна.
Уулзалтын төгсгөлд сумын Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор/ гардууллаа.