ХААН Банк нь Монгол Улс даяар нийт 530 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк бөгөөд нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Банк нь нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд улс орон даяар салбар нэгжтэйгээр Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк болон байгуулагдсан түүхтэй.
Улмаар улсын банкны хөдөө орон нутаг дахь хөрөнгө, үйл ажиллагааг өөртөө шилжүүлэн авсан юм. Хэдийгээр Банк хувьчлагдсан ч бизнесийн үйл ажиллагаа нь төр засгийн хүчтэй нөлөөллөөс ангид байсангүй. 1999 онд Банк ашигт болон үйл ажиллагааны доголдолд орж, Монголбанкны эрх хүлээн авагчид шилжсэн байна. Улмаар 2000 онд Дэлхийн Банкны удирдлага дор банкийг эрүүлжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан юм. Тухайн үеийн Засгийн Газраас Банкийг өөрийн өмчлөлд авч, нэмэлт дахин хөрөнгөжүүлэх ажлыг хийсэн бөгөөд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн тусламжтай эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын шинэ баг томилогдон ажиллаж эхлэв.
Эрүүлжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэн Банкийг 2003 онд олон улсын тендер зарлан амжилттай хувьчилсан юм. Тухайн үед Банкны 100%-ийн хувьцааг Савада Холдингс (Sawada Holdings) компани эзэмшиж байсан бөгөөд хожим нь Таван Богд Трейд (Tavan Bogd Trade) ХХК-д нийт хувьцааныхаа 40%-ийг худалдсан. 2006 онд Банк нэрээ өөрчлөн ХААН Банк ХХК болсон түүхтэй.
Өнөөдрийн байдлаар ХААН Банк нь Улаанбаатар хот, хөдөө орон нутагт аймаг, сумын төв, хилийн боомт дахь 530 салбар тооцооны төвөөр дамжуулан Монгол Улс даяар үйл ажиллагаа явуулж байна. ХААН Банк нь иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ), байгууллагын харилцагч нартаа банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэж байна.
Банк нь цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн мөнгө олгох зэргээр улс орны төлбөр тооцооны үлэмж хэсгийг дангаар гүйцэтгэдэг. 2012 оны байдлаар ХААН Банк 1 сая гаруй карт эзэмшигчтэй байна. ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Үүний үр дүнд Улаанбаатар, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагч олон аль ч салбар, тооцооны төвөөс банкны үйлчилгээг бодит цагийн горимд авах болж, интернет, мобайл, SMS банк гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
ХААН Банк нь жижиг дунд бизнес эрхлэгчид, том аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд гэх мэт олон бүлэгт хадгаламж зээлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна валют арилжаа, худалдааны санхүүжилт болон олон улсын төлбөр тооцооны үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэгч банк билээ.