Жил бүрийн гуравдугаар сарын 19-ний өдөр “Дэлхийн нийгмийн ажилтны өдөр” тохиодог. Эл өдрийг Монгол улс 1983 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэ жилийн тухайд дэлхий нийтээрээ “Далайцтай өөрчлөлтийн төлөө хамтдаа урагшилъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас холбогдох бусад байгууллагуудтай хамтран
“Нийгмийн асуудал гарц шийдэл 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Нийгмийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлын талаар салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Хүүхдэд ээлтэй-хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт тус аймгийн 17 сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, Жаргалант сумын 12 багийн нийгмийн ажилтан, Ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын нийгмийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Энэ үеэр нийгмийн ажил мэргэжлийн эерэг үр дүн, хувь нэмрийг иргэд олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлнэ.
Нийгмийн ажил мэргэжил нь хамтын ажиллагаа, нөлөөлөл, оролцоо, хүндэтгэл, харилцаа, мэдрэмж, ойлголцол болон хандлага дээр тулгуурладаг. Энэ чиглэлээр ажиллахад олон тулгамдсан асуудал, сайжруулах зүйлс гарч ирж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Тухайлбал, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог сайжруулж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай байгаа ба санхүүжилттэй холбоотой асуудал тулгардаг байна.
Манай улсад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхэд гэр бүл, сум хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагуудад 2800 гаруй нийгмийн ажилтан, нийгмийн салбарын эрдэмтэн судлаачид ажиллаж байна гэсэн судалгаа бий. Үүний 130 гаруй нь Ховд аймагт ажиллаж салбар бүрд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна.