
2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дундаж нь уулархаг нутгаар +8...+12°C дулаан, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг байна.
Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говиор 10-20 мм, бусад нутгаар 20-40 мм ордог байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан (Зураг 1) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 2) Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3-д харуулав.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30°C-ыг давж халах төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

ЗӨВЛӨМЖ:Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Сарын эхээр нийт нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөж байна. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу.
