
Өнөөдөр
/2026.07.22/ болсон ээлжит хурлаар Жаргалант суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдолтой холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлцлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргалын мэдээлснээр:
Лабораторийн бодит цагийн ПГУ шинжилгээгээр өвчтөний булчирхайн шүүдэсний сорьцод тарваган тахлын үүсгэгчийн өвөрмөц ген илэрсэн. Оношийг баталгаажуулах нян судлалын шинжилгээг ЗӨСТ-ийн лабораторид үргэлжлүүлэн хийж байна.

Мөн нэгдүгээр хавьтлын 10 гаруй иргэнийг бүрэн тогтоон тусгаарлаж, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээг эхлүүлжээ.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох:
Өвчтөний биеийн ерөнхий байдал тогтвортой, эмчилгээг батлагдсан заавар, цагийн хуваарийн дагуу тасралтгүй хийж байгааг танилцуулав.
Хурлын үеэр "Шуурхай штаб"-аас холбогдох байгууллагуудад тарваган тахлаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд тогтмол, шуурхай хүргэн ажиллах чиглэлийг өглөө.

Ховд аймаг нь тарваган тахлын байгалийн голомтот бүс нутаг тул иргэд та бүхэн тарвага агнах, мах, эд эрхтнийг хэрэглэхгүй байх, үхсэн болон өвчилсөн тарвагад хүрэхгүй байх, халуурах, булчирхай цочиж томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
