НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдрөөс /2024.03.12/ энэ сарын 15 хүртэл ажиллах ба хөдөө орон нутгийн томилолтоо баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас ийнхүү эхэлж байгаа аж.
Албан томилолтынхоо хүрээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон албаны бусад төлөөлөлтэй уулзаж хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож санал бодлоо хуваалцлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс
"Уур амьсгалын ногоон сан"-гийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь 2021-2028 он хүртэл Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа юм.
НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон төслийн төлөөлөл Ховд аймагт ажиллахдаа Дөргөн, Мянгад суманд ажиллан холбогдох албаныхан, малчдын төлөөлөлтэй уулзан төслийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Мөн зарим малчин өрхүүдээр орж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хандивлаж буй хивэг тэжээл, тусламжийн зүйлсийг малчдад гардуулна.