Өнөөдөр /2023.07.21/ аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Гишүүдийн 76 хувь нь оролцсон тус хурлаар:
-Жаргалант суманд болсон үерийн улмаас ард иргэдэд учирсан хохирол, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
-Хүчтэй аадар борооны улмаас үерт өртсөн барилга, орон сууцны байгууламжийн суурь, суурийн давхарт үерийн ус орсон шалтгааныг олж тогтоох ажлын хэсгийн мэдээлэл,
-Засгийн газраас гаргасан "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар"-ыг танилцуулж бэлтгэл хангах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээлэл, тооцоо судалгаа, гишүүдийн саналын үндэслэн хурлаас дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал,
-Үерийн улмаас учирсан хохирол, гарсан зардлыг баримт үндэслэн шийдвэрлэх,
-Учирч болох эрсдэлээс сэргийлж иргэдэд цаг тухай бүрд нь мэдээлэл хүргэх,
-Үерийн далангийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн компанийн асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шуурхай шийдвэрлүүлж ус зайлуулах суваг, шуудууг шаардлагатай цэгүүдэд нэмэгдүүлэх, үерийн даланг сайжруулах,
-10 гаруй орон сууц, барилга байгууламжид үерийн орсон учир шалтгаан нь барилгын чанар, орчны тохижилттой холбоотой учир барилга, орон сууц ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, аливаа бүтээн байгуулалтын ажилд хөндлөнгийн болон явцын хяналтыг сайжруулах,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахаар боллоо.
Гаргасан шийдвэртэй холбогдуулан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.