Аймгийн Засаг даргын Тамгын газар, БШУГ, Америкт төгсөгчдийн Монгол дахь холбоо хамтран
“Мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, их дээд сургуульд элсэн орох талаар мэдээлэл өгөх” арга хэмжээг өнөөдөр /2024.01.16/ аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Америкт төгсөгчдийн Монгол дахь холбоо буюу МАСА-ын удирдах зөвлөл, гишүүдийн зүгээс Ховд аймгийн хүүхэд залуучуудад гадаадад сурах алхам, боломжууд, өөрсдийн суралцсан туршлага түүхээсээ хуваалцаж, мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, их сургуульд элсэн орох, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг бусад чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Мөн энэ үеэр АНУ-ын их дээд сургуульд суралцаж төгссөн төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Э.Болормаа, МахониЛиотта хуулийн фирмийн партнер Д.Номин, Америкийн консулын орон нутгийн төлөөлөгч Н.Доржнамжин нар оролцон, дэлхийн боловсрол эзэмшсэн түүх, боловсролын үнэ цэнэ, өөрсдийн туршлагаа сурагч дүү нартаа хуваалцаж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт Жаргалант сумын ЕБС-иудын дунд, ахлах ангийн 350 гаруй сурагч оролцож, мэргэжил сонголт, англи хэл амжилттай сурах арга, сайн эсээ бичихэд анхаарах зүйл, америкийн их дээд сургуульд элсэх тухай зэрэг олон асуултын хариултыг авсан юм.
Энэхүү арга хэмжээг хөтөлбөрийн дагуу маргааш буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-нд аймгийн ХТД-т, 2024 оны 01 дүгээр сарын 18-нд Булган суманд зохион байгуулахаар төлөвлөжээ.