Эрдэнэбүрэн сумын малчин Т.Ганчулуун, А.Бадамханд нар “Аймгийн аварга малчин” боллоо



Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн малчин Т.Ганчулууны гэр бүл эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлж “Аймгийн аварга малчин өрх” боллоо. 
Аймгийн аварга малчин Т.Ганчулууных “Цагаан чулуут” гэх газар нутаглаж мал сүргээ адгуулж байна. Аваргуудын шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.
Т.Ганчулуун, А.Бадамханд нар  анх аав ээжээсээ өмч болгон өгсөн 100 гаруй толгой малтай өрх тусгаарлаж байсан бол 20 гаруй жилийн хамтын хөдөлмөрийнхөө үр дүнд 1000 гаруй толгой малтай болжээ. Үүнээс хонь, ямааг түлхүү өсгөдөг. Энэ хавар 500 гаруй эх мал төллөх юм.  

Аймгийн аварга малчин Т.Ганчулуун: "Отор нүүдэл сайн хийж өвлийн улиралд малаа соргог бэлчээрт идээшүүлж, хавартаа эрт ногоонд оруулж, элэг хөөлтийг сайн хийвэл өвөлдөө өнтэй тарган ордог. Мөн малынхаа ашиг шимийг сайжруулж, таваарлаг чанарыг нэмэгдүүлэх үүднээс сүргийн бүтэцдээ онцгойлон анхаардаг" хэмээн өөрийн мал маллах арга туршлагын талаар хуваалцсан юм. 
Ажил хөдөлмөрөөрөө шалгарч, буурлуудынхаа буяныг үргэлжлүүлэн яваа хоёр аваргадаа улсын аварга малчин болохыг   ахан дүүс, нутгийн зон олон нь ерөөж байв.





ВИДЕО:




  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ