Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинэ Ховд” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд Ховд хотыг хоггүй болгож, ард иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” ОНӨААТҮГ-ыг байгуулсан.
Тэгвэл тус байгууллагад өнөөдөр /2021.02.03/ “Агаар орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 700 сая төгрөгийн санхүүжилтээр гудамж талбай цэвэрлэх автомат ажиллагаатай машин, хог пресслэх, ачих машин, ковш зэрэг 5 машиныг иж бүрнээр нь хүлээлгэн өглөө.
2021 онд үйлдвэрлэгдсэн орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн эдгээр машин техникүүдийг нийлүүлэх ажлыг орон нутгийн “Батдайчин”, “Золдайчин”
ХХК-иуд хариуцан гүйцэтгэсэн байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНУУДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Мөн өнөөдөр /2021.02.03/ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд орон нутгийн Онцгой байдлын газарт нийлүүлж буй гал түймэр, унтраах аврах зориулалтын автомашинуудыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав албан ёсоор гардуулан өглөө.
Төслийн хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хавар 3 машиныг нийлүүлсэн бол энэ онд мөн 3 машин буюу нийт 3,3 тэрбум төгрөгийн машин техникийг нийлүүлж байгаа юм.
Ийнхүү Онцгой байдлын мэргэжлийн байгууллагын машин техникийн хүчин чадлыг сайжруулснаар гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
ВИДЕО: