Өнөөдөр/2021.02.02/ аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэйгээр хуралдав. Хурлаар зарим компанийн хүсэлтийн дагуу Булган боомтоор жимс, жимсгэнэ тээвэрлэх ажлыг зохион байгуулах, архи согтууруулах ундааг худалдан борлуулах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Тодруулбал, “Вестерн холд” ХХК-иас 1600 тонн металл хийц, “Сүрлэг Алтайн салхи” ХХК-иас 80 тонн чацаргана, “НАОЛ” ХХК-иас 70 тонн чацаргана, “Бүрэн хайрханы шим” ХХК-иас 20 тонн алим, 30 тонн хатаасан үзэм, 60 тонн чацаргана, 10 тонн мандарин, “Уран минж хийц” ХХК-иас 2 ширхэг лед дэлгэцийг Булган сумын Булган боомтоор нэвтрүүлэх тухай хүсэлтээ тухайн компаниуд аймгийн Онцгой комисст гаргасан. Уг асуудлыг аймгийн Онцгой комиссын гишүүд өмнөх хурлаараа хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст уламжилсаны дагуу “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 239 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “Хилийн авто замын боомтоор улс хооронд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын дагуу зохион байгуулж ажиллах шийдвэрийг тусгасан байна.
Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн 0130 дугаар анги, Гаалийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосон тогтоолыг өнөөдрийн Онцгой комиссын хурлаас гаргалаа.
Мөн Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ажуйн нэгж, иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд Архи согтууруулах ундааг худалдан борлуулах ингэхдээ аймгийн Засаг даргын 2020 оны А/322 дугаар захирамжид заасан хугацаанд буюу 7 хоног бүрийн Баасан гараг, сар бүрийн 1, 15-ны өдрүүдэд хязгаарлан ажиллах шйидвэрийг гарган хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахаар боллоо.
ВИДЕО: Г.Нэргүй /Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга/