Өнгөрсөн оноос эхлэн ХБНГУлс болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) дамжуулан БОАЖЯ-наас
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн.
Зургаан жилийн хугацаанд нийт 32,5 сая евро буюу 90 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус төсөлд Ховд аймгийн 17 сумыг хамрагдаж байгаагаараа онцлогтой.
Тэгвэл төслийн хүрээнд 2021 онд хийх ажлуудын талаар өнөөдөр аймгийн удирдлагууд, холбогдох албаныхан төслийн техникийн дэд зөвлөх, доктор П.Галрагчаа, төслийн зөвлөх доктор Г.Гансүх нартай мэдээлэл, санал солилцох цахим хурлыг зохион байгууллаа.
ТХГН-ийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой тус төслийн хүрээнд эхний ээлжинд Ховд аймагт:
- Баруун бүсийн ТХГН-ийн аялал жуулчлалын сурталчилгаа, мэдээллийн төвийн байгуулах
- Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оффисын барилгыг Алтай суманд барих
- Эрдэнэбүрэн суманд цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын бүсийн оффисыг барих
- ТХГ-ын нөөцийн, нийгэм, эдийн засгийн, ойн зэрэг суурь судалгаануудыг хийх
- Салбарын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах
- Тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр иргэдээс авсан судалгаанд үндэслэн баталсан чиглэлүүдийн дагуу холбогдох ажлыг эхлүүлэх зэргийг төлөвлөсөн байна.