“Алтай Территория Развития – 2019” олон улсын залуучуудын форум энэ сарын 9-14-ний өдөр ОХУ-ын Алтайн хязгаарын аялал жуулчлал амралтын “Сибирское подворье” цогцолборт боллоо. Тус форумын “Их Алтай” салбарт Ховд их сургуулийн багш, доктор Д.Отгонбаяр, багш Д.Одончимэг болон Ховд аймгийн залуучуудын төлөөлөл П.Мягмартүвшин, Б.Даваа-Эрдэнэ, н.Жаргалсайхан, Э.Батмөнх нар оролцов. Энэ форумд ОХУ-ын 74 муж хязгаар, гадаадын 13 орны залуучууд, эрдэмтэн судлаачид, экспертүүд, сайн дурынхан оролцож, 20 салбарт хуваагдан сургалт, лекц, хэлэлцүүлэг, төсөл хамгаалах, бүтээлч үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдаж, туршлага солилцсон байна.
“Их Алтай” салбарыг ОХУ-ын Алтайн Их сургуулийн Газарзүйн факультетийн Физик газарзүй ГМС-ийн тэнхимийн доцент Ротанова Ирина Николаевна, Алтайн ХАА-н Их сургуулийн Профессор Иванов Андрей Владимирович, Алтайн политехникийн их сургуулийн Профессор Михайл Юриевич Шишин нар хамтран удирдав. Д. Серикбаевын нэрэмжит Дорнод Казакстаны техникийн Их сургуулийн төлөөлөл проф К.Калиева, Ховд Их сургууль багш Д.Отгонбаяр зэрэг экспертүүд урилгаар оролцож лекц уншлаа.
“Их Алтай” салбарт 4 улсын профессор, багш нар болон гадаадын уригдсан экспертүүдийн төлөөллийн зүгээс залуучуудад зориулан интерактив лекц, асуулт хариулт, хэлэлцүүлэг, залуу судлаач, оюутнуудын илтгэл, хэлэлцүүлэг, ханын сонин зохиох, багаар ажиллах бүтээлч ажил зэрэг арга хэмжээ зохион байгуулжээ. Үүнээс гадна Их Алтайн бүс нутгийн улс төр, түүх, угсаатны зүй, газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологи, мөсөн голын өөрчлөлтийн талаар оролцогчид нээлттэй ярилцав. Сүүлийн 10 гаруй жилийн турш "Орос, Казахстан, Монгол, Хятад бид хамтдаа Их Алтай" хэмээх үг энэхүү форумын уриа байсаар иржээ. Дараагийн уулзалт буюу “АТР-ИХ АЛТАЙ-2020” олон улсын залуучуудын форум Дорнод Казакстан улсад болно.