Ховд аймгийн Жаргалант суманд энэ оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас зарим багийн айл өрхүүд үерийн усанд автаж хохирол амсаад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 7 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт хуралдаж, үер, усны гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд чиглэсэн ямар арга хэмжээ авах, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, “Үер, усны гамшгийн үед сум, баг, албан байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай” аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын 3 хоногийн хугацаатай захирамж гаргахаар болов. Мөн аймгийн Онцгой комиссын 30 гаруй гишүүн Жаргалант сумын багийн дарга нартай хамтран ажиллахаар болж, хэд хэдэн чиглэлийн ажлын хэсэг байгууллаа. Үүнд: Үерийн усны аюулд өртсөн иргэдийн хохирлыг тогтоох, баримтжуулах ажлын хэсэг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын хэсэг, Үер усны далан, зам засварлах ажлын хэсэг, Ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлын хэсэг, Нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг томилогдож үерийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой комисс өнөөдөр 16:00 цагт дахин хуралдаж шийдвэрлэхээр болов.
Мөн Жаргалант сумын айл өрхүүдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан мэдээ, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах, үерийн аюултай бүсэд суурьшиж буй айл, өрхийн санал хүсэлтийг харгалзан яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт байршуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болж, нүүлгэн шилжүүлэх ажилд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, техникийг ашиглахаар шийдвэрлэлээ.
Цаашид нийт нутгаар хур бороо үргэлжлэн орох тул ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.
ВИДЕО:
Н.Лхагва