Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Засаг Даргын Тамгын Газар хамтран орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс хуваарилагдах улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг нутгийн засаг захиргаа болон иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх, Ховд аймгийн хэмжээнд 2019-2020 онд хийгдэх ажлууд, томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар санал авах, нэн шаардлагатай саналыг үе шаттайгаар уламжилж Монгол улсын төсөвт тусгуулах зорилгоор
“Ховд аймагт 2019-2020 онд хийх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санал авах уулзалт”-ыг энэ оны 7 дугаар сарын 04-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон Яам агентлаг, газар хэлтсийн удирдах ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын удирдлага, албан байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нараас бүрдсэн 90 гаруй хүн оролцов.
ВИДЕО:
Уулзалтын хүрээнд Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлууд, 2016-2018 оны хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, 2019-2020 онд хийх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар холбогдох удирдлагууд танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв, Жаргалант сумын 50 ортой хүүхдийн эмнэлэг, Тээвэр ложистикийн төв, “Дотуур байр бүхий сургууль, цэцэрлэг”-ийн цогцолбор, ”Малчдын “Нүүдэлчин” төв, “Ховд Агро” парк, Мах боловсруулах үйлдвэр, сумдын “Дулааны нэгдсэн шугам сүлжээний төв”, Эрчим хүч, коксжих нүүрс, гангийн үйлдвэр, Олон улсын стандартын шаардлага хангасан 7000 хүний суудалтай хөл бөмбөгийн “Титэм” стадион, Ардын соёл, урлагийн “Икэл” цогцолбор, Олон үндэстэн, ястны “Маануус” цэнгэлдэх хүрээлэн, аймгийн Музейн шинэ барилга бүтээн байгуулах, “Услалтын систем”, “Газрын гүний дулаан ашиглах халаалтын систем нэвтрүүлэх”, Нисэх онгоцны буудлыг өргөтгөх зэрэг саналуудыг уламжлав.
Н.Лхагва