Ховд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Солонгоор ахлуулсан ажлын хэсэг 16 сумын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сумдын төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчдад зориулан энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд
“Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтанд 16 сумын Засаг даргын Тамгын газар болон төсөвт албан байгууллагуудын 800 гаруй төрийн албан хаагч хамрагдсан байна. Мөн сургалтын хүрээнд байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахад анхаарах асуудал, үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлэх, дүгнэх журам, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, төрийн албан хаагчдын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадварыг дээшлүүлснээрээ чухал ач холбогдолтой байв.
Үүнээс гадна сургалтанд оролцогчдод зориулсан 350 ширхэг гарын авлага бэлтгэн хүргүүлжээ. Мөн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” ажлын удирдамжийн дагуу сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт албан байгууллагуудын үйл ажиллагааг 62, багуудын үйл ажиллагааг 23 үзүүлэлтийн дагуу үзэж, мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгч ажилласан байна.