Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн халдварт /мялзан/ өвчний улмаас үхэж хорогдсоор байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр зөвхөн Ховд аймгийн Дарви, Чандмань суманд л гэхэд 1091 бөхөн 21 хар сүүлт хорогдож сэг зэмийг нь устгасан байна. Бөхөнгийн хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ба мялзан халдварт өвчнөөр өвчилж үхсэн бөхөнгийн 60 хувийг янзага, 30 хувийг шаргачин, 10 хувийг ооно эзэлж байгаа юм байна. Үхэж хорогдсон бөхөнгийн сэг зэмийг устгах халдваргүйжүүлэх, малчид ард иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зэрэг ажлыг аймаг орон нутгийн байгаль орчны болон холбогдох мэргэжлийн байгууллагаас дээрх 2 сумын төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нартай уулзаж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, холбогдох байгууллагаас 130,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн бол УИХ-ын гишүүнийхээ хувьд 6,000,000 төгрөгийн хандив тусламж үзүүлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос олгосон 6,000,000 төгрөгийн хандив тусламжийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, ХХААГ-ын дарга Т.Баатарзориг нар Дарви Чандмань сумдын Засаг дарга нарт гардуулан өглөө.