Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн халдварт өвчний /мялзан/ улмаас үхэж хорогдсоор байна.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Дарви, Чандмань сумдад гарсан өвчний улмаас 560 гаруй бөхөн хорогдоод байгаа аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нартай уулзаж авах арга хэмжээний талаар санал солилцон, тусламж үзүүллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховд аймагт 3,000-аад тоо толгой бөхөн байдгаас 560 гаруй нь хорогдоод байна. Нутгийн ахан дүүс идэр есийн хүйтэн, цасан шуурганд өөрсдийн унаа машин, мотоциклоор явж өвчнийг тархаахгүйгээр голомтод оруулахаар ажиллаж байна. Сүүлд гурван хар сүүлт мөн энэ өвчний халдвар авч үхсэн. Иймээс яаралтай арга хэмжээ авч өвчнийг голомтод оруулан өвчнийг цаашид тархаахгүйгээр, бусад ан амьтдад халдварлуулахгүйгээр таслан зогсоох нь чухал” гэж онцолсон юм.
Энэ үеэр тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр “Дарви, Чандмань сумын нутаг дэвсгэрт дөрвөн ажлын хэсэг байгуулж нутгийн иргэд болоод төрийн алба хаагчдыг дайчлан бөхөнгийн сэг зэмийг устган ажиллаж байна. Холбогдох байгууллагаас 130,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт 6,000,000 төгрөгийн хандив тусламж үзүүллээ.
Нутгийн ард иргэдэд сурталчилгаа хийх, өргөн уудам нутагт үхсэн сэг зэмийг цуглуулан устгах, цаашид хар сүүлт бусад амьдтад өвчин тархаахгүй байх ажилд маш их тустай. Асуудлыг эхнээс нь гартаа авч анхаарал хандуулан 130 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн үүнэээс гадна 6,000,000 төгрөгийн хандив өгсөн тойргоос сонгогдсон гишүүндээ талархаж байгаагаа илэрхийлж байна” гэлээ.
Дашрамд, мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээллээр бөхөнд вакцин хийх ямар ч боломжгүй тул сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийснээр тархалтыг барих, зогсоох боломжтой гэж тооцоолж байгаа юм.