Улсын Онцгой комиссоос 21 аймгийн удирдлагуудыг оролцуулсан “ЦАХИМ ХУРАЛ”-ыг өнөөдөр /2024.11.27/ зохион байгуулав.Тус хуралд аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцлоо.
Энэ үеэр аймаг бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах асуудлын талаар орон нутгийн удирдлагуудад чиглэл өглөө.
Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86.7 хувиар үнэлэгдсэн ч тайвширч болохгүй гэдгийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан анхааруулав. Учир нь ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч байгаль, цаг агаарын хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн Онцгой комиссын дэргэд “Шуурхай штаб” байгуулж тогтмол үйл ажиллагаатай, чиг үүргийн дагуу ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хариуцлагатай байх, малчид, ард иргэдийг цаг үеийн мэдээллээр хангаж, эргэх холбоотой ажиллахыг зөвлөв.
Үүнээс гадна өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авах, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах “ШУУРХАЙ БҮЛЭГ” томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдэд өглөө.