Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III үе шатыг баруун болон говийн бүсэд хэрэгжүүлж байна.
2020-2027 он хүртэл хэрэгжих энэхүү төсөлд Ховд аймгийн Хар ус нуур, Мөнххайрхан, Мянган угалзатын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн 13 сум хамрагддаг.
Төслийн байгууллагаас орон нутгийн төр захиргаа, боловсролын байгууллагатай хамтран ажиллаж тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ЕБС-д
“Эко танхим”-ыг тохижуулж шаардлагатай сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 2023 онд ЕБС-иудад сургалт зохион байгуулж, гарын авлага, зарим багаж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн.
Энэ удаад сумдын ЕБС-ийн захирал, эко кабинет хариуцсан багш нарт олон үйлдэлт принтер, зөөврийн компьютер, ухаалаг самбар75, зургийн аппарат зэрэг 9 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Ингэснээр Ховд аймгийн 13 сумын ЕБС орчин үеийн сургалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, ширээ сандлаар иж бүрэн тохижуулсан “Эко танхим”-тай болж байна.