Өнөөдөр /2022.10.31/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо. Тус арга хэмжээг нээж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа үг хэлэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвганди, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Бямбажав нарын албаны төлөөлөл оролцлоо. Түүнчлэн сумдын Засаг дарга болон 17 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцож байна.
Энэ үеэр иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Ховд аймагт хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлдвэр үйлчилгээ явуулдаг 538 аж ахуйн нэгж бий. Үүнээс:
-мах махан бүтээгдэхүүний 8 үйлдвэр,
-гурил гурилан бүтээгдэхүүний 58,
-сүү сүүн бүтээгдэхүүний 61,
-ус ундааны үйлдвэр 13 нийт 140 гаруй аж ахуй нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, аймгийнхаа хүн амын хэрэгцээг хангаж байна. Мөн 8 нэрийн хүнсний дэлгүүр 352, бөөний сүлжээ дэлгүүр 2 тус тус худалдаа үйлчилгээ эрхэлж байна.