Өнгөрсөн онд улсын хэмжээнд 608 хүүхэд ямар нэгэн гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч болжээ. Тэдний 253 буюу 29,2 хувь нь Хүүхдийн эрхийн хуульзүйн хороонд хандаж туслалцаа авсан байна. Энэ нь харьцангуй доогуур үзүүлэлт гэдгийг албаны эх сурвалж үзэж байна.
Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодод 480 гаруй гишүүд ажиллаж байна гэсэн судалгаа бий. Гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч болсон хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой эдгээр гишүүдийн хуулийн мэдлэг ойлголт, хүүхэдтэй харилцах хандлага, ажлын туршлага харилцан адилгүй байдаг байна. Тиймээс энэхүү сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Ховд аймагт болж буй баруун бүсийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн төлөөллөөс бүрдсэн 90 гаруй хүн оролцож байна.
Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Европын холбооны санхүүжилттэй
“Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
ВИДЕО:Сургалтын үр дүнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд мэдлэг мэдээлэл, ажиллах ур чадвараа нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.