Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Алтай суманд ажиллах үеэрээ тус сумын Эрүүл мэндийн төвөөр орж үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.
Эрүүл мэндийн төв нь 3423 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 8000 гаруй иргэдэд үйлчилжээ.
Газар нутгийн хэмжээ том, алслагдсан байдлаас шалтгаалан хамгийн холдоо нэг талдаа 150 гаруй км явж зарим малчин айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Одоогоор өвчлөлийн нөхцөл байдал харьцангуй бага байгаа ч зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал байсаар байгааг эрхлэгч эмч Н.Тунгалаг танилцуулав. Тухайлбал, Эрүүл мэндийн төвийн унаа, гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх мөн он дамжин баригдаж байгаа эмнэлгийн өргөтгөлийг энэ онд багтаан ашиглалтад оруулах тал дээр анхаарч барилгын компанид нь шаардлага тавьж өгөхийг хүслээ.
Алтай сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг “Вивазоне” ХХК барьж гүйцэтгэж байгаа юм байна. Барилгын ажлыг 2019 онд эхлүүлж 2020 онд ашиглалтад өгөх ёстой. Гэтэл Ковидоос шалтгаалан нэг жилээр хойшлуулж 2021 онд ашиглалтад өгөх ёстой байсан ч дахин хойшлуулжээ.
Компанийн зүгээс барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа энэ онд багтаан хүлээлгэн өгнө гэжээ.
ВИДЕО: