Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-ний өдөр орон даяар болно. Үүнтэй холбогдуулан аймаг, сум, хэсгийн сонгуулийн хороодыг байгуулж, хуулийн дагуу бэлтгэл ажлаа үе шаттай хийж байна.
Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын баг өнөөдөр (2021.06.03) Жаргалант сумын сонгуулийн хэсгийн хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Ховд аймагт зохион байгуулахад анхаарах зарим асуудал, холбогдох хууль, журам, цаашид яаж ажиллах тухай чиглэл, сонгуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах тухай заавар, зөвлөмж өгөв.
Одоогийн байдлаар Жаргалант сумын хэсгийн хороодын үйл ажиллагаа, бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байна.
Ховд аймгийн 17 сумын хэмжээнд урьдчилсан байдлаар 55785 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс Жаргалант суманд хамгийн олон буюу 20 мянга гаруй сонгогч бүртгэгдсэн байна.
Тус аймгийн 17 сум, 91 багийн хэсгийн сонгуулийн хороонд нийт 834 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн мэдээллийн технологийн даамал болон цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид хамтран ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний халдварын тархалтаас сэргийлж, иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан харьяа санал авах байрандаа очиж саналаа идэвхтэй өгөхийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
ВИДЕО:Д.Энхболд Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга