Коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг Ховд аймагт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2021.06.03/ хуралдлаа. Хурлаар вакцинжуулалтын ажлын явц болон энэ ажилтай холбоотой Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зарим асуудлын талаар хэлэлцэв.
Хурлаас вакцинжуулалтын ажлыг илүү эрчимжүүлэх талаар “АЛБАН ДААЛГАВАР” гаргаж бүх сумдад хүргүүлж ажиллахаар боллоо. Мөн вакцинжуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцах, үүрэг чиглэл, зөвлөж өгөх ажлын хэсгийг аймгийн Онцгой байдлын газраас томилон бүх сумдад ажиллуулахаар боллоо.
Ховд аймгийн 18-аас дээш насны нийт 54241 иргэн вакцинд хамрагдах судалгаа бий. Үүнээс 42970 иргэн буюу 84,85 хувь нь I тундаа, 17758 буюу 35,06 хувь нь II тундаа хамрагдаад байна.
Байнгын асаргаанд байдаг хэвтрийн өвчтөн болон архаг хууч өвчтэй, хөхүүл, жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр ПФАЙЗЕР /PFIZER/ вакцинд хамруулахаар шийдвэрлэлээ.
Үүний дагуу Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 3190 хүн тун ПФАЙЗЕР вакциныг УБ хот ХӨСҮТ-өөс тээвэрлэн авч ирэхээр бэлтгэлээ ханган өнөөдөр /2021.06.03/ замд гарлаа.
Энэ вакциныг -70 градуст хадгалах, тээвэрлэх заалттай учраас тус вакцинд хамрагдах хөдөөгийн зорилтот бүлгийн иргэд аймгийн төвд ирж вакциндаа хамрагдах юм.
ВИДЕО: