Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.05.22/ Ховд аймагт ажиллав. Албан томилолтынхоо хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав болон эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын дарга нартай уулзалт хийлээ. Энэ үеэр Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлого, авч хэрэгжүүлж шинэтгэлийн талаар тодорхой мэдээлэл өгч харилцан санал солилцов.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ:
“Энэ удаагийн Засгийн газраас “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд төрийн бүх шатны байгууллагууд мэдээллээ цахимаар солилцох, иргэд төрийн үйлчилгээг цахимаар авдаг болно. Үүнтэй холбогдуулан хийж хэрэгжүүлж буй олон ажил байгаа, мөн хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан, “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилтын гол “ЗҮТГҮҮР” нь Хууль зүй, дотоод хэргийн яам байх болно” гэлээ.
Тэрбээр, “Ковид-19” цар тахлын халдварын улмаас улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа ч Засгийн газар эдийн засгаа сэргээх бодлого баримтлан ажиллаж байна. Ховд аймаг дахь харьяа байгууллагуудыг байртай болгох, ажилтан, алба хаагчдын ажиллах орчин, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай болгох асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв.
Хамгийн эхний ээлжинд Архив, Улсын бүртгэлийн үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарч стандартын шаардлага хангасан нэгдсэн төв /ШИНЭ БАЙР/-ийг байгуулахаар шийдвэрлэж зардлыг нь ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой хамтран Ховд аймаг дахь Цагдаагийн газрыг шинэ байртай болгох, одоо ашиглаж байгаа байрыг Дотоодын цэргийн ангид шилжүүлэх,
-Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, засч тохижуулаад ашиглачих хуучин барилга, байгууламж юу байгааг судлан Гадаадын иргэн харьяатын газар, Шүүх шинжилгээний албыг стандартын шаардлага хангасан байртай болгох асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллана.
Түүнчлэн хилийн хяналт, хамгаалалтыг сайжруулах, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, зарим автомашин, ажилтан алба хаагчдыг сургаж дадлагажуулах, нэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг шинэчилж сайжруулах асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллахаар болов.