Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлнэ. 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордоны “Иргэний танхимд” зохион байгуулах энэ удаагийн шалгалтад манай аймгаас нийтдээ 395 иргэн оролцохоор цахимаар бүртгүүлсэн байна. Шалгалтыг 5 ээлжээр өглөө орон нутгийн цагаар 07:00, 10:00, 12:30, 15:00, 17:30 цагуудад авч 3 өдөрт багтаан зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.11/ Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтын бэлтгэл, анхаарах асуудал, хувийн бэлтгэл зохион байгуулалтаа хэрхэн хангах талаар шалгалтад оролцогчдод зааварчилгаа өглөө.
Тухайн оролцогч шалгалтад орохоосоо 30 минутын өмнө ирж 15 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Шалгалт эхлэхээс 1 минутын өмнө ирсэн оролцогчийг хугацаа хоцорсон гэж үзэн шалгалтын танхимд нэвтрүүлэхгүй гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлөөс анхаарууллаа.
Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь оролцогч бүрийн хурууны хээг уншуулж шалгалтад оруулах юм байна.