АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллерийг хүлээн авч уулзлаа



Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт "Говийн чоно-2018" гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер нар болон албаны бусад хүмүүсийн хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляскын Үндэсний гвард хамтын ажиллагааны зөвлөлдөх санамж бичигт 2005 онд гарын үсэг зурснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлсэн гэдгийг онцлон дурдсан юм.
 

Хамтын ажиллагааны хүрээнд “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг хамтран зохион байгуулж  ирсэн.

Уг сургалт, дадлага сургууль 2016 онд Улаанбаатар хот, Орхон аймагт “Засгийн газар, орон нутгийн удирдпага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвээр, 2017 онд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдад “Бүс нутгийн удирдлага, зохион байгуулалт” сэдвээр тус тус зохион байгуулагдсан. Энэ жил долоо дахь удаагаа “Баруун бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулж байна. Тус дасгал сургууль нь жилээс жилд өргөжин тэлж, дотоод, гадаадын оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, цар хүрээ, ач холбогдол улам бүр өсч байгаад баяртай байгаагаа АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер онцолсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар нь АНУ-ын Номхон далайн арми, Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард, Ойн албатай  гамшгаас хамгаалах салбарт хамтран ажилладаг. Түүнчлэн Америк болон Ази, Номхон далайн бүс нутагт зохион байгуулагддаг гамшгаас хамгаалах чиглэлийн хурал, семинар, сургалтуудад Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тогтмол хамруулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлэн хамтран ажилладагт Шадар сайд Ө.Энхтүвшин талархалаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна гэдгээ талууд харилцан илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ