Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт газрын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийсэн юм.
Алба хаагчид энэ жил Онцгой байдлын газартаа их засвар хийж, өрөө бүрт паркетан шал, явган хана, уналттай тааз, хаягжуулалт болон ширээ сандлуудыг сольж, шинэчилсэн байна.
Мөн Гамшгаас хамгаалах сургалтыг танхимыг орчин үеийн тоног төхөөрөмж,сургалтын техник хэрэгслээр тохижуулснаас гадна аврах ажиллагааны хээрийн сургалтын талбайд засвар хийж, шинэчилжээ.
Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Эрэн хайх, аврах ангийн барилгыг ашиглалтад оруулж, “Шуурхай бүлэг – 105”-ийн үйлчилгээг нээн, ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн аймгийн Биеийн тамир спортын газрын балансад бүртгэлтэй байсан Усан спортын төвийг Онцгой байдлын газарт шилжүүлэн авч, барилгын засварын ажлыг бүрэн хийж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.