Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Хөгжимт драмын театр, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Ховд Парк хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, хүүхдийн баярын үйл ажиллагааг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог болон бусад удирдах ажилтнууд оролцож, эх орны хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачууд, эцэг эхчүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр Ховд аймгийн Боловсрол, соёл урлаг, спортын салбарын шилдэг 45 хүүхдэд аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэг гардуулж, аймгийн шилдэг 9 ээж, шилдэг 9 хүүхдийг шагнаж урамшууллаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад Дэлхийн шилдэг зохиолын дээжис 800 ширхэг ном гардуулан өгөв.
“Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” баярын үйл ажиллагааны хүрээнд хүүхэд багачуудад зориулсан уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулсан бөгөөд Хөгжимт драмын театрийн уран бүтээлчид ”Чиполино” хүүхдийн жүжгийг тайзнаа амилууллаа.
Үүнээс гадна хүүхэд, эцэг эх, олон нийтэд зориулсан “Аз жаргалтай гэр бүл”, “Ирээдүйн аварга”, “Шинэ зууны хүүхдүүд”, “Цэвэр орчин-цэмцгэр хот”, “Эрүүл хүнс-эрүүл хүүхэд”, “Хөдөлгөөн- эрүүл мэнд”, “Хөдөлмөрч хүүхдүүд-цэвэр талбай” өртөөний хүрээнд 5-6 насны хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан, 7-10 насны хүүхдүүдийн дунд дугуйны уралдаан, 6-8 насны хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж, “Монголчууд хүчирхийллийг зогсоож чадна” аяны уриатай фэйсбүүк жаазанд зураг авах, аз жаргалтай гэр бүлийн дурсгалын зураг авах, бэлэглэх үйл ажиллагаа болов.
Мөн орчны хог хаягдлыг торлож хүлээн авах цэг ажиллуулж, нэг тор хог хаягдлыг 500 төгрөгөөр үнэлж авах, зөөврийн хогийн савны үйлчилгээ үзүүлэх зэрэг бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулсан юм.