Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан 97,5 хувийн ирцтэй хуралдаж байна.


Аймгийн ИТХ-ын III хуралдаан энэ өглөө Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцох ёстойгоос 40 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдаан 97,5 хувийн ирцтэй хуралдаж байна.



Ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журам хэлэлцүүлэн батлахтай холбогдуулан зарим төлөөлөгчид үг хэлж санал гаргалаа. Тухайлбал: Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат хэлэлцэх асуудлын дараалалд Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх асуудлыг нэмж оруулах санал гаргалаа. Үүнтэй холбогдуулан төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, хуралдааны дэгийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд оруулах, эсэх асуудлаар санал хураав.





Санал хураалтанд оролцсон 39 төлөөлөгчийн 21 төлөөлөгч нь Аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй гэж дэмжсэн учир энэ удаагийн хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэхээр боллоо. Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх, эсэх  асуудлыг нийт төлөөлөгчдийн нууц санал хураалтаар шийдэнэ.  Хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллыг дагуу үргэлжилж байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ