“Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран аймгийн ИТХ-ын дэргэд “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг байгуулж, 05 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар хуралдааныг аймгийн Нутгийн удирдлагын ордны "Иргэний танхим"-д зохион байгууллаа. Энэхүү хуралдаан нь Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад хүүхдийн оролцоог дэмжин, эргэн мэдээлэл хүргэдэг тогтолцоог бий болгох зорилготой юм.
Анхдугаар хуралдааныг нээж ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тошлой нар хүндэтгэлийн үг хэлэн сум, орон нутгийн хүүхдүүдийн дуу хоолой болсон 41 Төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Үүний дараагаар Монголын ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд багачууд, өсвөр үеийнхэний дуу хоолой, төлөөлөл болж сум, орон нутгаас сонгогдсон шилдэг, тэргүүний манлайлагч 41 сурагч “Мини иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын Төлөөлөгч болж, бүрэн эрхээ баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
Тус хуралдаанаар хурлын дэгийг батлах, дарга, тэргүүлэгчдийг сонгох, нээлттэй микрофоноор тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал бодлоо чөлөөтэй солилцох, “Ховд аймгийн хүүхэд багачуудын эрхэмлэх зүйлийн төсөл”-ийг хэлэлцэн батлах, түүнд нийцсэн тогтоол гаргаж, тогтоолын төслөө танилцууллаа. Мөн энэ үеэр Цаасан шувуу нисгэх, асуудлыг эрэмбэлэх, хуралдаанаас зөвлөмж, шийдвэр гаргаж аймгийн ИТХ-ын ажлын албанд гардуулан өгөх гэсэн бүтээлч санаачлагуудыг өрнүүлж, хүүхдэд тулгамдсан асуудлуудыг хүүхдүүдийн дуу хоолой болсон Төлөөлөгч хүүхдүүдэд хамтдаа шийдвэрлэх гарц, боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө чухал ач холбогдолтой боллоо.