Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил 04 сарын 09-нд албан ёсоор дууссан боловч Ховд аймгийн төв Жаргалант суманд 500 айл өрх судалгаанд хамрагдаж амжаагүй учраас 04-р сарын 14 хүртэл 5 хоног сунган ажиллаж байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 16 593 өрх судалгаанд хамрагдахаас 15 973 өрх хамрагдаж өнөөдрийн байдлаар судалгааны явц 95.6 хувьтай явагдаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 43 айл Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанаас өөрийн хүсэлтээр татгалзсан байна. Одоогийн байдлаар 8150 өрхийн судалгааг Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн программд шивж оруулаад байна.
Хөдөөгийн 16 суманд судалгааны үр дүн 100% буюу бүх өрхөө хамруулсан байна. Судалгааны явцаас харахад хаягийн давхардалтай, бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй, өдрийн цагаар ихэнх айл эзэнгүй, зарим иргэний бичиг баримт дутуу байгаа зэргээс шалтгаалан судалгаанд хамрагдах ёстой айл өрхүүд хамрагдаж амжихгүй байгаа гэнэ. Иймд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаж амжаагүй өрхүүд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хандан өргөдөл гаргаж судалгаандаа хамрагдахыг зөвлөж байна.